
Шинэхэн эзэд вакцины талаар бага сага ойлголттой ч, туулганы талаар тэр бүр сайн мэддэггүй. ‘Гөлөг байхад нь нэг удаа туулга өгсөн, одоо 4 настай өгөх ёстой юу?’ гэх жишээний…
Нохой, муур тэжээж байгаа л бол туулга заавал уулгах хэрэгтэй. Зарим эмч нар вакцин хийж өгдөг ч туулга зөвлөдөггүй нь гайхмаар.
Туулгыг гөлөг, муурын зулзаганд 3 долоо хоногтойгоос нь буюу эх дээрээ байхаас нь өгч эхлэх хэрэгтэй. Эхэлж өгсөнөөс 2 сар хүртэл нь 2 долоо хоног тутам өгнө. Үүнээс хойш хамгийн холдоо 3 сар болгон туулгыг давтах хэрэгтэй. Сар бүр өгсөн ч болно. Туулга нь вакцин шиг шимэгч хорхойн эсрэг дархлаа тогтоодоггүй!!!
Шимэгч хорхойтой болсон нохойнд дараах шинж тэмдгүүд илэрнэ:
1. Бөөлжих. Заримдаа шимэгч хорхойгоороо бөөлждөг.
2. Гүйлгэх. Шалтгаангүй шингэн алдаж гүйлгээд байвал шимэгчтэй болсны шинж!
3. Унжуу, идэвх муутай байх
4. Дүүрсэн, цүдгэр гэдэс. Ихэвчлэн эхээсээ шимэгч авсан гөлөгнүүд гэдэс нь цүдгэр том болдог
5. Хоолны дуршил буурах, эсвэл хэт ихсэх
6. Жин буурах
7. Хуурайшиж, үзэмжгүй болсон үс. Эрүүл нохойны үс гялалзсан өнгөлөг байдаг!
8. Биеэ маажих
9. Бөгсөө шаланд арчих, бөгсөө хэт их долоох
(Эдгээр шинж тэмдгүүд шимэгчээс өөр зүйлээс шалтгаалж илэрч болно!)
Нохой хорхойны халдвартай нохойтой тоглох, түүхий мах идэх, хог түүх зэргээр халдвар дахин авах магадлал өндөр байдаг. Нохой үргэлж л газар шиншилж, бохир зүйлтэй байнга харьцдаг болохоор халдвар авахдаа амархан… Эзэд ч мөн гаднаас гутлынхаа улаар хорхойг авгалдай, өндөгтэй нь чирээд ирэх магадлалтай. Шимэгч хорхой хүнд, ялангуяа нохойтой ойр байдаг хүүхдэд халдах учир заавал туулга уулгаж байгаарай!
0 cэтгэгдэлтэй