Хар тамхины ангууч ”Зөгий”

Хар тамхины ангууч ”Зөгий”

Чингис хаан олон улсын нисэх буудалд “Мансууралгүй ирээдүй” сэдэвт өдөрлөг болов. Энэ үеэр Зөгий нэрт эрэлч нохой өдөрлөгт оролцогчид болон нисэх буудлаар үйлчлүүлэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж, хүмүүс дугаарлан зогсож, түүнтэй зургаа авахуулж байсан юм.

Монгол Улсын гааль гэсэн бичигтэй “дүрэмт хувцас” өмсөж, эзнийхээ заавраар хэвтэж, сууж, үсэрч, харайж, үнэрлэн мэдэрч даалгавар биелүүлэх том нохой, жижигхэн араатан.

Тэр Монгол Улсын хилээр нэврүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа, эд зүйлсийг олж илрүүлэх түүнчлэн хар тамхи, мансууруулах бодис түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх үүрэгтэй. Зургаан сартайгаасаа уг эрдэмд суралцсан Зөгий мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл улсын хилээр орж ирэхээс, монгол орны ховор ан амьтны эд, эрхтэн хилээр гарахаас урьдчилан сэргийлж, олон удаагийн зөрчил илрүүлсэн байна.

Түүний эзэн Буянт-Ухаа дахь Гаалийн газрын хөдөлгөөнт хяналтын гаалийн улсын байцаагч Б.Энхтайван “Өдөр бүр давтуулж, дасгалыг нь хийлгэдэг. Нохой тогтмол рефлексээр сурдаг. Зургаан сартай гөлөг аваад сургасан. Миний нохой одоо долоон настай” гэж ярьсан.

 

Нохойг аливаа үйлд сургахад уйгагүй, олон жилийн хөдөлмөр шаардлагатай байдаг. Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын үнэрийг химийн аргаар гарган авч, үүнийг таниулж, тогтоолгох сургууль хийлгэдэг аж. Тэгээд нохойг ачаан дээгүүр явуулахад хориотой зүйл илэрсэн бол суух, хуцах, маажих гэх мэт үйлдлийг үзүүлж, эзэндээ мэдэгддэг гэнэ

Сонирхуулахад, Нохойн үнэрлэх чадвар нь хүнийхээс 7000 дахин илүү хөгжсөн байдаг. Мөн Зөгийн эзэнд байх эрэлч нохойн цүнхэнд түүний урамшууллын хоол хүнс, эмнэлгийн ойр зуурын хэрэгсэл, сам, оосор, хүзүүвч, шүдний ором гарсан жижигхэн улаан бөмбөг, зөөлөн тоглоом зэрэг бий.

 

 

сэтгэгдэл үлдээх