Нохой муу хүмүүсийг таньж чаддаг болохыг шинжлэх ухаан нотолжээ

2020-12-23 238 0

Нохой юу, эсвэл муур уу гэх асуулт хэдэн мянган жилийн өмнөөс л гарч ирсэн сэдэв юм. Энэ нь яг л өндөг анхдагч уу, эсвэл тахиа анхдагч уу гэх асуултын адил мөнхийн маргаантай сэдэв билээ. Хэрэв та нохойн талд зогсдог бол таны бодлыг зөв болохыг батлах нэгэн судалгааг  хүргэж байна.

Нохой тэжээдэг, тэдэнд хайртай хүн бүр л нохойдоо итгэдэг, хүний хамгийн үнэнч нөхөр гэж боддог гэдэг. Гэтэл нохой чинь чамд итгэдэг болов уу?

Японы Киотогийн их сургуулийн доктор Акико Такаока тэргүүтэй эрдэмтдийн хийсэн сүүлийн үеийн судалгаанд нохой хүнийг хэр найдвартай эсэхэд дүн шинжилгээ хийж чаддаг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл ноход яг л Шерлок Холмес шиг төрөлхийн жинхэнэ мөрдөгчид аж.

Эрдэмтэд нохойнууд худлаа хэлсэн хүнд итгэх эсэхийг мэдэхийг зорьж туршилтыг гурван хэсэгт хувааж хийжээ. Харин салбарын бусад мэргэжилтнүүд энэхүү туршилт нь нохойн зан авирыг судлах ухагдахуунд том дэвшил авчирсан болохыг онцлон тэмдэглэжээ. Уг судалгааны үр дүнгээс нохойнууд нь өөрийн хүрээлэн буй орчноо тодорхой байлгахыг эрмэлздэг болохыг ажиглаж болохоор байна гэж Бристолийн их сургуулийн судлаач, доктор Жон Брейдшау ярьжээ.

Туршилтад оролцсон хүмүүст эхлээд өөрийн нохойдоо хоолтой идүүрийг зааж, очуулах даалгавар өгчээ. Ноход эзнээсээ команд авмагцаа хоол руу шууд гүйх боловч хоосон байх бөгөөд хуурагдана гэсэн үг юм. Энэ нь нэг талдаа нохойнууд хүний дохио зангааг ойлгодог болохыг илтгэж байгаа хэрэг аж. Харин эзнийх нь үзүүлсэн дохио зангаа бодит байдалтай нийцэхгүй байгаа тохиолдолд тэд сандарч, стресст ордог байна.

Үүнийг гурван удаа давтсаны дараагаар нохойнууд эзнийхээ заасан зүгт хоолны идүүр лүүгээ гүйхээ больж эхэлжээ. Судалгаанд оролцсон нийт 34 нохой бүгд ийм үр дүн харуулсан байна. Энэ нь ноход худалч хүнд итгэдэггүй болохыг харуулж буй нэг хэлбэр аж. Харин амьтдын танин мэдэхүйн “Animal Cognition” сэтгүүлд дурдсанаар нохойнууд нь өөрсдийн өмнөх туршлагаа тулгуурлан хүнд итгэх эсэх шийдвэрээ бие даан гаргадаг гэсэн байна.

Доктор Акико Такаока цаашид судалгаагаа нохойн хамгийн ойрын төрөл болох чононуудад хийхийг зорьж байгаа аж. Ингэснээр энэхүү судалгааны ойлголтыг улам бүр гүнзгий болгох аж.

Харин түүний багийн нохдод хийсэн судалгаа нь нохойнууд шинэ зүйлийг гайхшран, сонирхон хүлээн авдаг болохыг мөн илрүүлжээ. Үүнээс өмнө хийгдсэн судалгаануудад нохойнууд бусад хүмүүс эзэнтэй нь хэрхэн харилцаж буйг үргэлж хянаж байдаг болохыг илрүүлсэн аж.

Эрдэмтэд нохдын эздээс бусад хүмүүсээс тусламж гуйхыг хүссэн байна. Дараа нь тухайн хүнээр нохойд нь амттан өгүүлж туршжээ. Гэтэл нохойнууд эзэнд нь тусалж, найрсаг хандсан хүмүүсийн гараас хоол идэхдээ огтхон ч болгоомжлолгүй, баярлан хүлээн авч байжээ. Эзэнд нь туслаагүй хүмүүстэй ч нээлттэй байж өгсөн амттаныг нь идэж байсан аж. Харин эсрэгээрээ эзэнд нь муу эсвэл бүдүүлэг хандсан хүмүүсийн командыг ноход биелүүлээгүй бөгөөд гараас нь хоол идэхдээ сайтар үнэрлэж, ихэд сэрэмжилж байжээ. Энэ нь ноход бүдүүлэг, түрэмгий авир гаргасан хүмүүст итгэдэггүй болохыг харуулж байгаа хэрэг аж.

Мөн нохойнууд хүмүүсийн нийгмийн харилцааны хэм хэмжээ, дүрмийг сайтар ойлгож чаддаг байна. Тэд эзэнтэй нь харилцаж буй хүмүүсийн биеийн илэрхийлэмж, нүүр, сэтгэлийн хөдлөлийг уншиж юу болоод байгааг ойлгож чаддаг аж.

Хамгийн сонирхолтой нь ноход өөрсдийн туулсан өмнөх туршлагаа дараа нь ашиглаж чаддаг байна. Өөрөөр хэлбэл тэд амьдралынхаа хугацаанд туулсан бүхнээсээ шалтгаалан хүний нийгмийн хэм хэмжээ, дэг журам, эзнийхээ командыг биелүүлэх эсэх зэрэгт бие даан шийдвэр гаргадаг гэсэн үг аж. Тиймээс хэрвээ та нохойгоо буруу аргаар сургасан бол яагаад ч нэмэргүй гэсэн үг юм. Харин хайртай амьтнаа зөв дадал зуршилд суралцуулж чадвал бидний төсөөлдгөөс ч хавьгүй ухаалаг амьтан аж. Мөн хэрвээ найзуудын чинь нэгэнд нь нохой чинь үргэлж муухай ханддаг бол түүний зөн совин ямар нэгэн зүйлийг илтгэж байдаг гэдгийг санах хэрэгтэй юм.

Холбоотой мэдээ